Мял Богд - Шадавдорж (1040-1123) гэж хэн бэ?

| Thursday, June 16, 2011

1. Товч намтар:
Төвдийн Гүнтан нутагт анхдугаар жарны төмөр луу жил мэндэлсэн, Долоон настай байхад нь нилээд чинээлэг байсан эцэг нь өөд болсноор охин дүүгийн хамт өнчирч хоцорсон, Авга ах нь эхийг нь гэргий болгох гэхэд эх нь зөвшөөрөөгүй тул шунахай цэвдэг сэтэгэлтэй авга ах авга эгч нар нь хамсан эцгээс өвөлөсөн гэр орон,мал тариаланг нь булаан эзэрхийлж, эх үрсийг дарлан боолчлох болсон. Үүнд өширхсөн эхийнхээ ятгалгар, Мял арван таван насандаа ,Үй нутагт хараалын увдист суралцажээ, Улмаар өштнөөсөө хэцэгийгээр өшөө авч, гучин таван хүнийг хараалын хүчээр устгасан гэдэг Сүүлдээ өөрийн нүгэлд харамсан гашуудаж, хилэнцээ цайруулж, ариусч гэгээрэхээр сэтгэл шулуудсан, Ийм зорилгоор анхлан тэрээр <<зогчэн>>(нинмава уламжлалын ёог)-ийг судалсан боловч төдий л амжилтанд хүрсэнгүй. 
 Гучин найман насандаа Лховраг нутагт Марба лозаватай учирч ,гуйвашгүй бат итгэл үнэмшлээр түүнийг шүтсэн, Марба лам түүнд гэгээрлийн дээд зам мөрийг хүссэн даруйд нь нээж өгсөнгүй, Харин хилэнц нүгэлийг нь арилгаж,дээд сургаалийг хүртэх оюун санааны бэлтгэлийг бүрэн хангах үүдэнээс зургаан жил иййн турш байшин бариулаж,эргээж нураалгаж зөөлгөх зэргээр хүнд хүчир сорилтод оруулжээ, Эцэст нь есөн давхар цамхагийг ганцаараабарин, бүх бие нь дайр шарах болсон хойно л Хэрүга бурханы авшиг тэргүүтэн гайхамшигт номлолоо соёрхсон гэдэг , дөчөн таван насандаа Марва ламын бошгийг өвөрлөн, аглаг уулс дунд халгайгаар амь зогоох төдий хатамжлан бясалгал хийсэнээр есөн жилийн дараа бурханлаг мөн чанарыг бүрэн төгөс нээжээ. Улмаар төвдийн олон нутагаар аялаж, гаржүдбын сургаалийг түгээсэн, Мял богдод наран мэт Дагвулхаржэ, саран мэт Райчүнва, од мэт хорин гурван шавь,шидэзэмшсэн хорин тав, харилтгүй түвшинд хүрсэн зуу, зандалын илчийг олсон зуу найм, гэгээрлийн замд шуударсан мянга нэг муу заяаны үндсийг тасалсан тоо томшгүй шавь нар гарчээ Мял богдын сэтэгэл хөдлөм амьдрал үйлс ,биширч баршгүй гэгээрлийн үзэл санааг намтар болон буман дуулал нь яаруу тодорхой харуулсан байдаг.

2. Мял богдын намтараас:
/Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/ ... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов... Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа. Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан... Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/ ... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд
“Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө.
Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно. /126/
 
3. Бүтэн намтар:


...Ариун номын эрэлд гарав

-Богд багш та дараа нь цагаан үйл үйлдсэн гэж айлдсан.Энэ бол ариун бодь мөрийн замнал байх нь лавтай.Гэгээрлийн замд хэрхэн хөл тавьсан тухайгаа бидэнд айлдана уу гэж Райчун өчив. Мял богд өгүүлрүүн :


-Тэр явдлаас хойш олон хүний амьдралыг бусниулсан хар нүгэл минь намайг ээрч зовоох болов.Өдөр хоол орохгүй, шөнө нойр хүрэхгүй, явахад суумаар санагдаж, суухад явмаар санагдана. Хорвоогийн амьдралаас уйдан гансарч, гагцхүү бурханлиг чанарын гэрэл гэгээг хүсэмжлэх авч гэгээрдийн замд орох чөлөө учрал бүрдэхгүй, дэмий л зовиур түгшүүр дүүрэн үлгэн салган амьтан багш ламдаа үйлчилсээр суув. Гэтэл нэг удаа багшид үнэнч нэгэн өглөгийн эзний бие муудлаа.Тэр хүн ламтны эд өлгийг хэрэгцээ бүхнийг хангаж байсан баян чинээлэг, эрч хүчтэй нэгэн байв.Хүнд өвчинд нэрвэгдсэн тул эцсийн аврал горьдлогоо болгон багш ламыг дэргэдээ залсан юм.Гурав хоногийн дараа багш царай дүнсгэр эгэн ирлээ. Юу болсныг асуувал,


-Хорвоогийн мөнх бус тавилан юутай гашуун.Хурсан бүхэн сарниж , бүтсэн бүхэн эвдрэх юм даа.Урд шөнө миний эрхэм сайн өглөгийн эзэн тэр минь нас нөгчиж, энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд минь тултал сануулав.Өтөл өвгөн би ч гэсэн цахиур цагаан өсөх багаас үс цагаан өтлөх насны хооронд хараал, зүхэл, мөндөр гурваар л дадлагажлаа.Хүү минь чи ч гэсэн хар багаасаа хараал ширээлээр хатуу хүтүү нүгэл хураасан.Тэр бүх өр төлөөс над дээр л бууна даа гэж санаа алдав.


-Багш та тэдний сүнсийг сайн төрөлд татаж чадах биш үү гэхэд,

- Амьтан бүхний мөн чанар угаас хоосон билээ.Тэднийг үзэгдэх хэлбэрийн үүднээс сайн төрөл өөд татах ухааныг би гадарлана.Тийм судар тарнийг ч судалсан. Гэхдээ миний эзэмшсэн эрдэм хийсвэр мэдлэг, хоосон уншилгаас хэтрэхгүй болов у гэж айж байна.Тулгамдсан үед тус болох бат нот юм алга.Тийм эрдмийг олъё гэвэл хоёр зам байна.Чи намайг орлож, миний гэр бүл, шавь нарыг тэтгэн суу.Би чамд сайн заяа, амгалан хутгын замыг нээе.Эсвэл чи үнэнийг эрж олон , намайг авралын замд хөтөл, би чамд нөхцлийг нь бүрдүүлж өгье гэлээ. Энэ нь миний өдрийн бодол, шөнийн зүүд байсан учир номын мөр хөөх чин хүслээ өчвөл багш маань:

-Чиний нас бага цус шингэн .Дээр нь зориг тэвчээр чинь хатуу, итгэл бишрэл чинь ирмүүн билээ. Ийм учир энэ сонголт зөв буйзаа. Ариун номсыг эзэмшиж, авралын замыг нээгтүн гэж надад соёрхол хүртээлээ.Тэгээд Ярлүнгийн цэмбэ тэрэм нэг хайнагт ачаалан надад өгөөд,

-Занронгийн Нар гэдэг тосгонд Рондон Лхагаа нэрт дээд ном зогчинд мэргэшсэн их шидтэн багш бий.Тэнд очиж , гэгээрлийн номд суралцаарай гэж захив.Ингээд би багшийн захиасыг даган , Нар тосгонд хүрч очлоо. Өнөөх багшийг эрж сураглаж явсаар тэр багшийн гэргий болон хэсэг шавь нартай нь таарсан юм.

- Энд гол хийд байрладаг ч ламбугай одоохондоо байхгүй.Няндод Ринан гэгдэх бага хийддээ заларч байгаа гэж тэд хэлэв.


- Юндон тожал багш намайг илгээсэн тул ламтанд бараалхуулж өгөөч гэж хэрэг зоригоо тоочин гуйхад ламбугайн гэргий нэгэн шавийш надттай хамт хөтөч болгон явууллаа.Няндод Ринанд би ламтанд бараалхав.Цэмбэ, тэрэм болон хайнагаа өргөл барьц болгон мөргөөд,


-Би баруун нутгийн хүнд их нүгэлтэн билээ.Орчлонгийн хүлээснээс энэ насанд гэтэлгэх ариун номыг гуйя гэж өчив.
Ламтан :

-Миний дээд ном зогчин бол анх үндэслэхдээ ч, завсарт соёлохдоо ч, эцэст үр боловсрохдоо ч эн зэрэгцэх зүйлгүй гайхамшигт йога. Өдөр бясалгаад өдөртөө гэгээрэх, шөнө бясалгаад шөнөдөө гэгээрэх нь ч бий. Хувь ерөөлтөн бол бясалгал хийлгүй сонссон төдийгөөр ч гэгээрдэг дээд оюун ухаантнуудад зориулсан ном. Чиний гуйсан ёсоор энэ номыг өгье гээд, авшиг хүртээж, бясалгал онолыг заав.Тэр үед надад ийм бодол төрсөн юм:


“Анх хараал хийхэд арван дөрвөн хоногт их шинж тэмдэг гарсан, мөндрийн увдисыг ч долоо хоногт эзэмшсэн.Одоо хараал, мөндрийн увдисаас ч хялбар, өдөр бясалгавал өдөртөө гэгээрэх, шөнө бясалгавал шөнөдөө гэгээрэх, хувь ерөөлтэй бол бясалгах хэрэггүй сонсоход л болох ийм номтой учирснаас үзэхэд би ч хувь ерөөлтөн байж таарна” ийм омогшилд автан бясалгал хийлгүй сул алгуу суусаар ном, сэтгэл хоёрын зай улам холдож билээ. Нилээд хэдэн сарын дараа ламтан :

- Чи анх ирхэдээ өөрийгөө их нүгэлтэн гэж байсан чинь үнэн юмсанж.Миний номын сүр дуулиан ч арай хэтэрчихсэн бололтой.Би чамайг өөд татаж чадахгүй нь.Одоо чи Лховраг нутгийн Доволүн хийд рүү яв.Тэнд Энэтхэгийн их шидтэн Наровагийн залгамжлагч, дээд доод дунд гурван ертөнцөд тэнцэх ханьгүй болсон дууг хөрвүүлэгчийн манлай Марва лозава гэгч шинэ тарнийн их багш заларч буй.Урьд насны ерөөл барилдлагатай тул чи тэр багшид шавь орогтун гэлээ.

Марва лозавагийн алдрыг сонсох агшинд миний сэтгэл зүрх ер бусын мэдрэмжид автаж, биеийн шар үс чичрэм догдлол, нулимс урсам уярал бишрэлд умбаж билээ. Ингээд сэтгэл шулуудаж аяны бэлтгэл, аар саархан судар номоо бөөгнүүлж аваад, өөр юу ч бодож санахгүй, зөвхөн багштайгаа учрах мөч хэзээ бол, хэзээ бол гэж яаран яарсаар явсан юм.

Марва ламын зүүд


Намайг Доволүнд хүрэхийн өмнөх шөнө марва багшийн зүүдэнд их бандита Нарова заларч, авшиг хүртээхдээ бага зэрэг хир буртаг наалдсан таван үзүүрт, бэндэрьяа эрдэнийн очир болон рашаан дүүрэн алтан бумбыг хайрлаж,


-Энэ очрын хирийг энэ бумбатай рашаанаар угааж туг сүлдийн оройд залагтун.Түүнд бурхад баясч, амьтад биширснээр өөрийн болоод бусдын үйлс буян бүхэн бүтэх болно гэж айлдаад, огторгуйд уусчээ. Тэгээд багшийн зарлиг ёсоор бумбатай рашаанаар очрыг угаан цэвэрлээд, тугийн оройд залахад очроос цацрах гэрэл бүх ертөнцийг гийгүүлж, зургаан зүйлийн хамаг амьтанд туссанаар зовлон шаналлыг нь арилгаж, зол жаргалд умбуулав.Тэд бүгдээрээ Марва ламд өөрт нь болон ялгуусан туг сүлдэнд мөргөл бишрэлийг үйлдэж, ерөөл магтаалыг зориулах авай. Тэр үед хамаг бурхад мөнөөх сүлд туганд аравнай өргөхийг үзээд баясан бахдах зуур зүүднээс сэржээ. Зөн билгийн зүүдээ нэхэн санаж байтал нь Дагмидмаа ижий ( Марва ламын гэргий) өглөөний цай оруулж ирээд,


-Ламбугай урд шөнө би Үржин хандын орноос хоёр дагина бага сага хир тогтсон болор суварга залж ирж байна гэж зүүдэллээ.Тэд “Нарова багшийн зөгнөсөн ёсоор энэ суварганд аравнай өргөж, уулын оройд зална уу” гэж хэлэхэд та “Энэ суваргын аравнайг банчин Нарова өргөсн боловч, багшийн зарлиг ёсоор бүтээе” гээд , суваргыг бумбатай рашаанаар угааж аравнайлаад уулын оройд залах юм.Тэр үед суварганаас нар сар шиг их гэрэл болон түүнтэй адил суварга цацран гарч, уул бүхний оройг гэрэлтүүлэн байв.Өнөөх хоёр дагина тэршүтэний тахилч болон суулаа гэж зүүдлэв.Энэ зүүд юуг дохиолж байгаа юм бол гэж асуужээ.

Марва багш дотроо зүүдний утга зохиолсонд ихэд бэлэгшээн баяссан ч гаднаа үл мэдэх царайлан :


-Зүүдэнд болзоогүй тул хэн мэдэх вэ.Өнөөдөр би доод замд шуудуу ухахаар явна , юм бэлд гэж хэлжээ.


- Ийм хар бор ажил хийчих хүн зөндөөн байтал их ламтан та хутгалдвал биднийг олноороо элэглэнэ, таалан саатаж хайрла гэж гуйсан ч багш тоосонгүй.


- Надад дарс ахиухан авчраарай гэж хэлээд яваад өгчээ.Бумба дүүрэн дарс хүргэж иртэл,


- Үүнийг би өөрөө ууна, одоо зочныг дайлах дарс авчир гэжээ. Ахин хүргэн ирсэн дарсыг үороонд булаад , малгайгаа хөмөрч тавьсан аж. Тэгээд шуудуу ухах зуур холын бараа харуулдаж хэсэг амсхийн , дарсаа хүртэн сууж байсан юм санж.


Багш шавийн учрал
:

Тэр үед би Лховраг нутгийн доод бэлээс өгсөн явах зуур замдаа таарсан хүн бүхнээс :


- Их богд Марва лозава хаана суудаг вэ гэж асууж сурж явлаа. Таниж мэдэх хүн нэгч таарсангүй.Доволүн хийдийн бараа харагдах даваанд хүрэхийн алдад нэг хүн таарахад өмнөх шигээ асуувал тэр хүн:


- Марва гэж хүн ч бийл дээ.Их богд Марва лозава гэж харин мэдэхгүй гэв.


- Гэвэл Доволүн хийд хаан байдаг вэ гэхэд,


- Цаана чинь харагдаж байна гэж гараар зангав.Тэнд хан ёуудгийг асуухад ,

- Марва гэдэг хүн чинь тэнд суудаг юм гэлээ.


- Түүнд өөр чимэг алдар бахгүй юу гэж лавлав.


- Зарим хүн Марба ламтан гэцгээж л байдаг юм хэмээн өнөөх хүн хэлэв.Тэгэд би багшийн суудаг хийд лавмөн байх нь гэж бодоод


- Энэ давааг юу гэж нэрлэдэг юм бэ гэж сонирхон асуув


- Номын даваа гэж нэрлэдэг гэлээ.


Номын даваан дээрээс багшийнхаа хийдийг олж танисан минь бэлэгшээлтэй хэрэг гэж миний сэтгэл их л хөхүүн болов. Цааш нь явах зуур хэсэг малчид тааралдлаа.Тэднээс бас, лавлан асуухад хөгшчүүл нь мэдэхгүй гэлцэнэ.Харин тэдэн дунд байсан зүс тунгалаг, үс өнгөлөг, хээнцэр агаад уриалгахан зантай нэгэн хөвгүүн:

Та манай ажааг асууж байна уу.Манай ажаа гэж бид бүхний эд хөрөнгө юу байгаа бүгдийг алт болгож аваад Энэтхэг рүү явдаг.Эргэж ирэхдээ том, жижиг олон боть судар болгон авчирдаг тийм нэг хүн бий.Өмнө нь гэрийн ажил хийдэггүй байсан атал өнөөдөр шуудуу ухаж байгаа гэхчлэн ярив. Ухаж бодвол мөн ч юм шиг атал тийм их дуун хөрвүүлэгч эрдэмтэн шуудуу ухаж суугаа гэж нэг л санаад бууж өгөхгүй цааш явтал, халз зам дээр их лагс биетэй, эргэлдсэн том нүдтэй сүртэй байрын нэгэн лам шуудуу ухан сууж байв.Тэр хүнийг үзмэгц үгээр илэрхийлшгүй догдлох мэдрэмж бие сэтгэлийг минь эзэмдсэн тул ухаан алдах шиг болж хэсэг мэлмэрч зогслоо. Тэгээд, гэнэт сэхээ орон,


- Эрхэм ээ, энд Цогт Наробагийн шавь, дуун хөрвүүлэгч Марва лозава суудаг уу гэж асуухад ,тэр ламтан намайг хөлийн улнаас толгой хүртэл цоргитол ширтсэнээ,


- Чи хаанаас ямар хэргээр яваа юм гэж асуулаа.

- Би бол баруун нутгаас яваа их нүгэлтэн нэгэн билээ.Тэр багшийн алдар сууг биширч, ариун сургааль ном хүртэх гэж явна гэж би өчив.


- За тэгвэл , би чамайг Марватай уулзуулъя.Харин чи миний шуудууг ухаж бай гээд , малгайн доороос булсан дарсаа гарган ирж дайллаа.Тэр дарсыг уухад хамаг биеийн ядаргаа тайлагдах шиг болов.


- Сайн ажиллаарай гэж хэлчихээд өнөөх лам яваад өгөв.Би үлдсэн дарсыг хөнтөрч орхиод, шуудууг шаламгайлан ухаж гарлаа. Хэсэг хугацааны дараа түрүүнд малчдын дунд уулзсан хүү над дээр ирж,


- Таныг ажаа дуудаж байна гэлээ. Багишд бараалхах зөвшөөрөл авсандаа хөөр баяр цээж дүүрэн огшив. “ Тэр их хүн надттай уулзахыг зөвшөөрсөн байна шүү дээ.Би талархлаа илтгэж шуудууг гүйцээж ухъя гэж шийдээд, үлдсэн багаахан хэсгийг даруй гүйцээв. Учрал тохиосон тэр тариалангийн газрыг хожим “ Сайн учралт” ( Түн жэн) гэж нэрлэх болсон. Зн тариалангийн гадуур, өвөл дундуур нь зам өнгөрдөг юм.Тэгээд би хүүтэйгээ цуг байшин дотор орвол, өмнө уулзсан ламтан хивсэн бүрээс дээр хоёр давхар олбогт суудал засан сууж байх юм.Хөлсөө арчсан янзтай боловч хөмсөг, хамрын самсаа, сахал хуузанд наалдсан шороо хэвээрээ бурзайна.Гэдэс нь урагшаагаа их түрсэн түүнийг үзээд би бодохдоо :

- Энэ хүн өмнө уулзсан лам мөн байна.Харин их багштан хаана байгаа юм бол гэж гайхан эрэлхийлэв.Тэгтэл нөгөө ламтан:

- Танихгүй байх чинь аргагүй.Марва лам гэдэг чинь би өөрөө байна.Мөргөгтүн гэв.Тэгмэгц би мөргөл үйлдэж, өлмийд нь сөхрөн суугаад:


- Богд багш минь, би бол алс баруун нутгаас яваа хүнд их нүгэлт хүн билээ.Бие хэл , сэтгэл гурваа таньд өргөе.Хоол, хувцас, ном гурваа ч таньд даатгая.Хүний насандаа гэгээрэлд хүрэх бодь мөрийн хөтөч болж хайрла гэж өр зүрхний гуйлтаа өчив.Тэгтэл багш :


- Хүнд нүгэл хийсэн гэж надад тунирхах хэрэггүй.Миний төлөө хилэнц үйлдээгүй биз дээ. Тэгээд чи ямар нүгэл хийсэн юм бэ гэж асуув. Би ч бүх учир явдлаа тоочлоо.


- Юу ч болов бие хэл сэтгэл гурваа өргөж байгаа чинь сайн хэрэг.Хоол, хувцас, ном гурвыг цугт нь дааж чадахгүй.Эсвэл хоол хувцсыг чинь даая, номыг өөр газраас эр.Эсвэл номыг чинь даая, хоол хувцсаа өөр аргаар болго. Алийг нь чи сонгох вэ.Миний номыг сонголоо ч энэ насанд гэгээрэх эсэхийг өөрийн чинь мэрийлт мэднэ гэж багш айлдав.

- Багшаас ариун ном заалгах гэж л зорьж ирсэн тул хоол хувцасаа өөр аргаар олъё гэдгээ би хэллээ. Тэгээд ном судраа шүтээний өрөөнд оруултал,


- Наад бохир номоо эндээс гарга.Миний ариун шүтээнд ханиад халдана гэж зандрав.Ном дотор маань хар тарнийн ном байснаас боллоо гэж би бодсон.Тэгээд өөр минь гаргаж өгсөн өрөөнд оруулж тавьлаа. Тэнд хэд хоног суухад минь өрлөг ижий (багшийн гэргий) намайг хоол ундны сайнаар дайлж билээ. Гэгээрлийн дээд хөтөчтэй анх учирсанаа Мял богд ийнхүү дурсав.

 
“Агнистийн гэгээ” цуврал. “Мял богдын гэгээрсэн түүх” 2006 он. номноос авав.

Мял Богдын тухай кино:


“Мял Богдын гэгээрсэн түүх” номын уялга

“Мялын намтрыг уншихад насны нүгэл ариусдаг” гэх энэхүү намтрын эзэн бол хүн төрөлхтөний түүхэнд Будда Шагжамүни лугаа эн зэрэгцэх суу алдрын эзэн, төгс гэгээрсэн богд багш Мялрайва \1052-1135\ ажгуу.

Алт мөнгөнд умбаж явсан баян айлын танхил хүү тэр бээр урвамтгай орчлонгийн хатуу тоглоомд өртөж, өшөө авалтаас үүдэлтэй зовлонгийн ёроолд унажээ. Ариун номын эрэлд гарсан түүнд чин зүрхний гэмшил, гэгээрэхүйн цангаа нь жинхэнэ багштайгаа учрах буян заяа хайрлажээ.

Гэвч багш, шавь хоёр нэгдэхийн тулд тэдний хооронд татаастай үүлэн хөшгийг татахын тулд багшийн нь хайр нь дотроо хал нь гаднаа уран арга, шавийн халширч буцашгүй үнэнч сэтгэл хосолсноор тамын ёроолд унагах нүглийг гэгээрлийн оргилд гарах жигүүр болгон хувиргажээ.

“Амьтан бүгд чухамдаа бурханлиг чанартай боловч өөрийгээ танихгүй сохортоо л зовж гасалж, золбирч явдаг нь эмгэнэлтэй. Тэр тусмаа ухаант хүний биеийг олсон атлаа ариун үнэнийг сэхээрч амжилгүй үхэж үрэгдэгсэд олон бий” гэж багш нь сургажээ. Үхлээс өрсөж гэгээрэх чин хүсэлт тэр бээр орчлонгийн хүлээс, төөрөгдлийн гачлан ямархан эмгэнэлтэйг амьдаараа галд орсийм шиг мэдэрсэн болохоор гадна хуурамч ертөнцийг бүрмөсөн огоорч, дотоод жинхэнэ мөн чанартаа хүрэх хатуу бясалгалын их аялал хийсэн нь үнэндээ дэлхийг мөлхөж тойрохоос ч илүү хатан зориг шалгасан сорилт байсан боловч цаашлах бүрий бурханлигаар согтуурах уйдахын аргагүй билэг ухааныг олжээ.

Атаат дайсан боловч нулимс алдмаар намтар түүхийн эзэн, үгээгүү дорой даяанчийн зүрхэнд тэнгэр бурхад ч бишрэн бөхийх гэгээрлийн цэцэг тийнхүү цоморлигоо нээжээ.

Саатаж торохын хязгаар үгүй

Эрх чөлөөг эдэлнэм би

Шаналж гутрахын чилээс үгүй

Баяр баясгаланг амснам би

Хор хөнөөл юу ч бай

Йогч миний чимэг болно

Саад тотгор юу ч бай

Саруул оршихуйн гоёл болно

Түүний гэгээрлийн бахдал энэ бөлгөө. Тэрээр: “Эхлээд хар муу явдалтай харанхуй мунхаг хүн байсан ч дараа нь үйлийн үрийг ухаарч, бие сэтгэлээ бясалгалд зориулж чадвал бурхан болох нь санаа саванд багташгүй хэрэг биш. Тэр тусмаа жинхэнэ багштайгаа учирч, дандрын ёсны дөт замаар Дээд Үнэнийг бясалгаж чадвал хүний насанд амжиж гэгээрэх нь эргэлзээгүй үнэн. Энэ бол оршихуйн хаалт хучаас бүхнийг тайлж, Үнэнийг буй нүцгэн дүрээр нь олж харсны гавъяа... Миний хүрсэн өндөрлөгт та нар ч бас хүрч чадна. Өөрсдийгээ гололгүй Үнэн өөд тэмүүлцгээ!” гэж айлджээ.

“Мял Богдтой учирсан хар санаатан ч бай ариун бодь сэтгэлийн сүүнд уусч, харанхуй дотортон ч бай гэгээн билгийн гэрэлд хайлж байлаа” гэж түүний намтарт дурдсан буй.

Тэр цагаас хойш мянга шахам жил өнгөрчээ.

Гэвч илбийн хорвоод төөрч мунгинасан хүмүүний зовлонд эрт өдгөөгийн ялгаа үгүй шиг гэгээрлийн ариун сэрэхүйд орон зай, цаг хугацааны зааг үгүй. Мял Богд гэгээрсэн анхны хүн ч биш, бас сүүлчийнх нь ч биш. Хэзээ нэгтээ таны ч, миний ч гэгээрсэн түүхийг хүүрнэх бус уу...

Агнистын гэгээ цувралыг эрхлэн гаргагч П.Бадрал

/"Мял богдын гэгээрсэн түүх" номоос/


Видео 1: http://video.suprememastertv.com/daily/iPhone_iPod_Touch/2010.10.17/10.17AJAR1494.mp4



Видео 2: http://video.suprememastertv.com/daily/iPhone_iPod_Touch/2010.10.24/10.24AJAR1501.mp4


Видео 3: http://video.suprememastertv.com/daily/iPhone_iPod_Touch/2010.10.31/10.31AJAR1508.mp4



 


Хөшөө дурдатгал:


Бурханы хутагтыг хүртсэн Мял богд.
\Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей\
 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment