Бурхан багшийн намтар

| Sunday, February 19, 2012

Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв.
Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Хатан, хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав.
Хаан өөрийн хаан орыг залгах хан хөвгүүнтэй болохыг туйлын ихээр хүсэж байсан учраас шинэхэн мэндэлсэн нуган үрээ үзээд хөл газар хүрэхгүй болтол баярлаж, үзэмж төгс бяцхан хүүгээ олонд харуулах үүднээс их найр хуримыг үүсгэжээ. Найранд хүрэлцэн ирсэн хол ойрын олон гийчид бүгд л бяцхан хан хөвгүүний үзэмж төгс дүрийг ам амандаа шагшин гайхацгаав гэнэ. Тэр их найр хуримын үеэр нэгэн үл таних мэргэн өвгөн зочилон ирсэн бөгөөд тэрээр өөрийн цэцэн ухаанаар олныг бишрүүлж хүндэтгэлийг ихэд олов гэнэ.
Гэтэл мэргэн өвгөн бяцхан хөвгүүнд дөхөн очиж удаан шинжсэний эцэст ихэд уйлан хайлав гэнэ. Машид балмагдан сандарсан хаан "та юунд ийн уйлав?", "хүү минь үзэмж төгөлдөр биш байна гэж үү?", "бяцхан ханхүү улс гүрнээ захирсан их хаан болж дийлэхгүй гэж үү?" гэхчилэн асуухад өнөөх мэргэн өвгөн ийн өгүүлвэй: "хаантан, таны хүү үнэхээрийн үзэмж төгс нэгэн бөлгөө. Таны хүү хаан болж гэмээ нь агуу их хаан болох нь лавтай билээ. Гэвч таны хүү хаан оронд суулгүйгээр үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин болвоос илүү аугаа их үйлс зохиолыг туурвих юм байна. Би хаантан таны бяцхан ханхүүгийн төлөө биш, гагц өөрөө өөртөө харамсахын эрхэнд уйлж буй билээ. Эдүгээ миний бие нэгэнт өтөл насны босгыг алхсан тул, таны хүүгийн төрөлхтөн олны багш болж гэгээн их үйлсээ туурвих тэр сайхан цагийг үзэж чадалгүй нүд аних гашуун үнэнийг мэдсэн учраас ийн уйлав хэмээн хариулжээ." Үүнийг сонссон хааны сэтгэл их зовниж эхлэв. Учир нь тэрээр цаг нь ирэхэд энхрий ганц нуган үрээ өөрийн хаан оронд суулгахыг туйлын ихээр хүсэж байсан юм.
Тиймээс тэрээр ханхүүгээ алс хэтийн нэгэн өдөр хаант улсаа орхин оюун санааны бадарчин болж одохоос бүх талаар сэрэмжилж тэрхүү хувь төөргийн нь өөрчилөхийн тухайд чадах бүхнээ хийхээр шийдсэн гэдэг. Улмаар хаантан хан хөвгүүндээ зориулан өвөл, зун, борооны улиралд тус тус суух гурван үзэсгэлэнт харшийг байгуулж, эдийн дээдээр тохижуулан тансаг сайхан бүхнийг цогцлоожээ. Тэгээд ханхүүг орд өргөөнөөсөө гарахгүй байх бүх нөхцөлийг бүрэлдүүлж, тэр ч бүү хэл ханхүүд үйлчлэх ордны бүх зарц шивэгчид эрүүл чийрэг бөгөөд залуу сайхан байх ёстой хэмээх зарлиг буулгасан байна. Тиймээс хэрвээ зарц шивэгчдийн дотроос хэн нэгэн нь өвдвөл түүнийг үтэр түргэн ордноос гаргаж, түүгээр ч үл барам ордон доторх цэцэгсийг хатаж гундахаас нь өмнө солих зэргээр бяцхан ханхүүд ямарваа зовлонгийн шинж дохиог өчүүхэн төдийд ч үзүүлдэггүй байжээ. ийнхүү он жил харвасан сум шиг өнгөрч хунтайж өөрийн үзэсгэлэнт орд харшийн дотор эрүүл чийрэг бөгөөд гойд ухаалаг залуу болон өсчээ. Ханхүү нь аливаа зүйлийг сурахдаа маш түргэн байсан гэнэ. Мөн бай харвах, бөх барилдах зэрэг бүх урлагийг гаргууд эзэмшжээ. Хунтайж өөрөө өнгө үзэмж төгс нэгэн байсан бөгөөд тэмцээнд ялсаны тул улс гүрнийхээ хамгийн үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг хатан болгон авч өхөөрдмөөр бяцхан хүүтэй болсон гэдэг.
Ийн хүүрнэлцээд тэд цааш давхин хотоос гарч хөдөө газар ирэхэд хунтайж сүйх тэргэнээсээ бууж модны сүүдэрт суугаад үзэж харсан зүйлсээ эргэцүүлэн бодов гэнэ, Эцэст нь тэрбээр эргэн тойрноо ажиглаад дотроо "За тэгвэл өтлөхүй, өвдөхүй, үхэхүйн зовлон гэж байдаг юм байж. Харин ядаж л энд бүх зүйл үзэсгэлэнтэй сайхан байна даа" гэж бодов. Үнэхээр л нар халуун дулаанаар тааламжтайхан ээж модон дээр шувууд жиргэж, тэртээд нэгэн өвгөн анжисаар газар хагалж байв. Гэвч тэднийг сайтар нягтлан ажигласны эцэст хунтайж шувууд хэн нэгэн бидэн рүү довтлохвий гэх шиг айж сэрэмжилсэн байдалтай жиргэж газар хагалж буй өвгөн ч туранхай, бөгтгөр бөгөөд эцэж ядарсан нэгэн болохыг мэдэв. Тэр өвгөн хөлөлсөн үхрээ ташуурдан анжсыг чирэх аясаар газар хагалагдаж, газрын хөрсөн дороос олон янзын өт хорхой гарч ирэх бөгөөд тэр даруйдаа л шувууны хоол болж байлаа.
Энэ бүхнийг үзээд хунтайж "Энд ч бас зовлон гаслангаар дүүрэн ажээ. Бидний амьдрал бүхлээрээ зовлон гаслан юм байна" гэж бодов. Ингээд тэрээр тэргүүнээ дээш өргөн хартал биеэ жирийн нэг даавуугаар ороож бадар аяга барин таяг тулсан нэгэн өвгөн явж байхыг үзэв гэнэ. "Та хэн бэ, юун хүн билээ?" гэх хунтайжийн асуултад өнөөх өвгөн "Би үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин билээ" хэмээн хариулвай. Үүнийг сонсоод хунтайжийн сэтгэл туйлын ихээр хөдөлж, "би ч бас энэ адил үнэний эрэлчин болсуу. Энэ л миний амьдралын зорилго мөн" хэмээн боджээ. Ингээд хунтайж орд өргөөндөө буцаж ирсэнээс хойш сэтгэл тогтох зүйлгүй болсон байв. Гагц ордноос хэрхэн гарах тухай бодол л түүний санааны мухраас хормын төдийд ч салахгүй байлаа. Үүнййг ажиглаж мэдсэн хаан эцгийн сэтгэл машид түгшиж эхлэв.
Тиймээс ордны эргэн тойронд харуул манаа тавьж, хунтайжийг нуд салгалгүй сайтар сахиж байхыг тушаажээ, Гэвч нэгэн өдөр согтон унасан харуулуудын сиймхийгээр хунтайж нойрсож буй хатан, хүү хоёртойгоо салах ёс гүйцэтгээд, хөтчийн хамтаар ордныг орхин одвой.
Тэд хурдлан давхисаар их ойд ирмэгц хунтайж мориноосоо бууж урт үсээ тайран авч хунтайжийн өмсгөл, чимэг зүүлтийг тайлан хөтөчдөө өгөөд "Энэ өдрөөс эхлэн би жирийн даавуу өмсөх болно. Энэ бүхнийг хаан эцэгт минь хүргэж өг. Хаан эцэгт минь намайг сайн байгаа, үнэнийг эрэлхийлэхээр бадарчилан одов. Өөрийн ард түмнээ зовлонгоос гэтэлгэх арга мөрийг олохоос нааш згэл амьдралаар замнахгүй гэлээ хэмээн хэлээрэй" гэхэд хөтөч нь ихэд уйлан хайлжээ. Тэгээд хөтөч ордны зүг буцав гэнэ. Харин хунтайж ойн гүн рүү оржээ.
Тэрээр зургаан жилийн турш олон их номын багш нарт шавилан суралцаж чанад хатуу дияан бясалгалыг үйлдэв гэнэ. Тэрээр бусад бүх даяанчдаас хатуужил шамдалаараа гойд ялгарч байсан гэдэг. Тэрээр өдөрт нэгийн төдий буудайн үр иддэг байсан тул эцэстээ маш ихээр турж эцэн ядрахын туйлд хүрчээ.
Тэрээр юунд ч суралцсан үтэр түргэн ойлгодог байв. Гэвч хунтайж энэ бүхэнд сэтгэл үл ханаж "би одоо хэр нь үнэнийг олоогүй байна. Би зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгах арга хийгээд мөрийг олох ёстой" хэмээн өдөр шөнийн алинд ч завсаргүй бясалгадаг байжээ. Нэгэн өдөр тэрээр угаал үйлдэхээр гол руу явах замдаа ихэд туйлдахын эрхээр сульдан унав гэнэ. Тэгээд энэ завсарт сэтгэрүүн: "Би энэ олон жилийн турш ордны тансаг амьдралд умбахдаа үнэнийг олоогүй билээ. Дараа нь олон жилийн турш дияан хийж хатуужин бясалгалаа. Мөн л үнэнийг эс олов. Тэгэхээр ийнхүү аглагт гарч чанад хатуу дияан үйлдэхийн ач үр юу байхсан билээ? Иймд би бээр энэ хоёр туйлын төв бөгөөд гол мөрийг баримталсугай". Чухам тэр үед сүү авч явсан нэгэн охин таарч эцэж турсан хунтайжийг өрөвдөн сүүгээрээ дайлахад хунтайж ч татгалзсангүй болой. Үүний ачаар түүний хүч тэнхээ тэр даруйдаа сэргэж гэнэ.
Энэ явдлыг үзсэн бусад дияанчидийн хунтайжийг бишрэн хүндлэх сэтгэл алдарч "Тэр үнэний эрлээс шантрав. Бид түүнтэй шадарлахаа больё" гэлцвэй. Гэтэл хунтайжийн "Үнэн мөнийг олох хүсэл" улам бүр арвидан бадарч Нирэнзэн мөрнийг гатлан Бодигаяа хэмээх газарт хүрч Бодь модны дор суудал засаад "Би бээр зовлонгийн шалтгааныг олох хүртлээ эндээс босохгүй" хэмээх тангараг талбиад гүн бясалгалд тэгш оров гэнэ. Үүнийг үзсэн Шулмасын аймгийнхан "Энэ хүмүүн гэгээрлийн хутгийг олоход машид ойртсон байна" хэмээн айн үймэлдэж хунтайжийн сэтгэлийг төрөл бүрээр сарниулахыг оролдож эхэлвэй.
Тэд эхлээд сэтгэлийг нь сацраахын тулд үзэсгэлэнт эмсийг хувилган илгээж түүнийг тойрон бүжиглүүлэхэд хунтайж огтхон ч түйртэлгүйгээр мөнх бусыг бясалгамагц өнөөх үзэсгэлэнт эмс хөгшин хатингар болон урваж үтэр тонилон одоцгоов гэнэ. Шулмасын аймгийнхан хунтайжийг хорлохоор дахин завдаж цэргээ илгээн зүрхэн тус газрыг нь онилон сум тавиулж гэнэ. Гэтэл хунтайж асрал хайрын сэтгэлийг бясалгамагц шуламын харвасан олон сум лянхуа цэцгэнд хувилан өлмий дор нь унацгаах ажээ.
Ийнхүү тэрбээр асрахуй сэтгэл өслөн хүчтэй болохын үлгэрийг үзүүлэв гэнэ. Гэтэл хунтайж аврал хайрын сэтгэлийг бясалгамагц шуламын харвасан олон сум лянхуа цэцгэнд хувилан өлмий дор нь унацгаах ажээ.
Ийнхүү тэрбээр асрахуй сэтгэл өслөн уурлахаас хүчтэй болохын үлгэрийг үзүүлэв гэнэ. Аргаа барсан шулмас хунтайжийг сорьж "Чи хэн болоод өөрийгөө гэгээрч чадна гэж бодсон юм бэ?" гэхэд тэрээр "Би урьд номыг бясалган их буяны чуулганыг хураан үйлдсэн нэгэн билээ. Харин одоо чанагуух үнэнийг ухааран онох цаг нэгэнт болжээ" хэмээн өгүүлвэй. Шулмас "Үүнийг чинь хэн нотлох юм бэ?" хэмээн дахин нэг сориход хунтайж "Энэ газар шороо намайг гэрчилнэ" хэмээн өгүүлээд баруун мутраа газарт хүргэмэгц газрын сахиус цухуйж "Энэ туйлын үнэн билээ. Тэрээр урьдын олон төрөлдөө өөрийгөө бусдад зольсон юм. Харин эдүгээ түүний зорьсондоо хүрэх цаг нь нэгэнт болжээ" хэмээн гэрчилэв гэнэ. Ийнхүү шулмасын аймаг номхотгогдож хунтайж гүн бясалгалд ажирсаар ялж төгс нөгцсөн бурханы хутгийг олжээ.
Энэ мөчөөс эхлэн хан хүү Бурхан багш Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон нэртэй болсон бүлгээ. Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш цугтаа хатамжлан зовж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж шашиндаа оруулжээ.
Эхлээд тэд цэрвэн зугтаж байснаа сургаал айлдахыг нь сонсож түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа эзэн хаан Бимбасараг шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс гол шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ.
Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 нас сүүдэр зооглов. Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие алжааж, гурван сарын дараа Нирванд орно гэдгээ хэлжээ. Тэгээд номлол сургаалаа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, Тэнд Чунда дархны барьсан хоолыг амсаад өвчин нь үгдрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч тэрбээр цаашаа Кусинагара руу явжээ. Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очиж, хоёр өндөр модны хоорондох газар хэвтэв.
Газар дээр ийн хэвтэж байхдаа ч шавь нартаа сургаал айлдсаар байлаа. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирванд оров.
Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн 7 хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваасан аж. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун шарилыг тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов. Түүнийг хадгалж байхын тулд Бурханы шашны арван сүм босгосон аж.

Сүүлчийн номлол:
  • Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь: Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь "Би" бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно.
  • Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай.
  • Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна.
  • Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хорт могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой.
  • Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм.
Эхийг Буддизм.МН-ээс авав.

1 сэтгэгдэлтэй:

orshikhoo said...

nice to read your blog,
http://gegeerehui.blogspot.com/

Post a Comment