Чанадын чанадад

| Thursday, September 29, 2011

«Агнистын гэгээ» цувралын өмнөх дугаарт Мял богдын гэгээрсэн түүхийг уншигч танаа толилуулсан. Мял богдын оюун санааны өвөг дээдэс нь тантрын их шидтэн Дилова, Нарова нар билээ. Монголчууд тэднийг Дилав хутагт, Нар банчин гэгээн гэж үеийн үед сүслэн дээдэлж, тэдний хувилгаан дүрүүд төрөл дамжин хөх тэнгэрийн орноо саатан заларсан. Тийм ч болохоор энгүүн чөлөөт амьдрал дунд гэгээрэх тантрын үзэл санаа монголчуудад харь хол байгаагүй юм. Байгаль лугаа зохицон амьдардаг нүүдэлчний сэтгэхүйд илүү дөхөм байсандаа ч тэр үү буддын шашны Их хөлгөн урсгал, тэр дундаа Очирт хөлгөн хэмээх тантрын ёс умар зүгт давамгайлан дэлгэрч ирсэн түүхтэй.Харамсалтай нь, унхиагүй шүтлэгтэн, увайгүй луйварчдын харгайгаар хүн төрөлхтөний билиг оюуны хамгийн гайхамшигт өв хамгийн мунхаг солиорол, хар захын наймаа болж хувирчээ. Буг чөтгөрөөс ч бурханлаг гэгээг олж харах билгийн нүднээ амилдаг хангал догшид нь хадаг яндарт гүнгэрваандаа амьгүй дүнсийжээ. Хоосон чанар луу бүрмөсөн уусаад, тэндээс дахин шинээр гэрэл цацруулан мэндлэх бясалгалын судрууд нь давхар давхар баринтаг дотроо шимгүй ялзарчээ. Бурхад амилахыг хүсч байна. Судрууд цэцэглэхийг хүсч байна.

«Тэд чамгүйгээр үхмэл ажгуу. Үнэнд хүрснээрээ чи бүх ариун сударт амь өгнө. Чамаар тэд дахин амьдарна. Би Диловаг дахин амьдруулахын тулд энд байнам. Тэрбээр олон зууны тэртээ өөд болсон. Хэн ч түүнийг дурссангүй, хэн ч түүнд амь өгсөнгүй. Тэгвэл би түүнийг дахин амилуулж байна. Зүрх чинь нээлттэй аваас дөтлөн айсуй хөлийн чимээ сонсогдоно. Тэрбээр хоосон чанарын агаараас дахин биежлээ...» гэж Ошо багш хэлж байна.

Дилова хутагт мянган жилийн өмнө амьдарч байсан хүн. Мянган жил болсон ч түүний дуу хуучраагүй. Эгэл жирийн бярман хүү нэг л өдөр «Чиний эцэг бол Чакрасамвара бурхан, чиний эх бол Важраварахи дагина» гэсэн тэнгэрлэг дуу хоолойг сонсч, агшин зуурын хувиралд орсон тухай домог цадигт өгүүлсэн байдаг. Энэ бол тантрын ёгт хэл. Тэр бидэнтэй л адил өөрийгөө хэн гэдгийг мартчихсан яваад гэнэт санажээ.

«Марталт бол мунхаглал. Түмэн лай, буман зовлонгийн үндэс. Будда, та хоёр мөн чанараараа ав адилхан. Гагцхүү чи хэн гэдгээ санадаггүй, тэр санадаг. Чи унтчихсан, тэр сэрчихсэн» гэж Ошо багш хэлжээ. Хүн өөрийгөө мартаж л байвал юу ч хамаагүй хийж явдаг. Үргэлж гадагшаа харж, өрөөл бусад руу үглэж, өнгөрсөн болоод ирээдүй рүү савчиж явдаг. Xэрэвзээ тэр бүх савлагаа арилж, хиймэл зүүмэл үй энгүүн чөлөөтэй байх юм бол угаас бурханлаг, хиргүй тунгалаг, хил хязгааргүй амгалан хоосон чанараа сэрж мэддэг гэнэ. Нэгэнт сэрсэн хүн хорвоод амьдарч байгаа атлаа хорвоогийн чанадад амирлан цэнгэдэг юмсанж. Тэр цагаас хойш Дилова хүүрийн газраар хэсүүчилж, дууч эмийнд зарцлагдах зэргээр эгэл боргилоор амьдарч явжээ. Түүнээс агшин зуур гэгээрэх махамутрын гүн увдисыг хүлээн авсан шавь нь Нарова юм.

Нарова анх хааны хүү байгаад ордноо орхиж хувраг болжээ. Буддын шашны Их хөлгөний эрдэм мэдлэгийн төв болж байсан Наланда хийдэд шавилж, эрдмийн оргилд хүрч аугаа их бандита цол хүртжүхүй. Гэтэл нэг удаа үзэшгүй муухай царайтай бөгтөр эмгэн түүн дээр ирээд: «Чи номын үг мэдэх үү?» гэж асуусан байна. «Тийм ээ, би мэднэ» гэхэд нь, «Тэгвэл номын утгыг мэдэх үү?» гэв. Нарова «Би номын утгыг ч мэднэ» гэж хариулжээ. Гэтэл өнөөх эмгэн ихэд гашуудан уйллаа. Нарова уйлсан учрыг нь асуувал, «Би чиний худал үгэнд гашуудаж уйлсан юм. Чи номын үгийг мэдэхээс биш, утгыг нь огт мэдэхгүй шүү дээ» гэжээ. Нарова «Би мэдэхгүй бол өөр тэгээд хэн мэддэг юм бэ?» гэхэд нь, «Миний ах Дилова л номын утгыг мэддэг» гэж хэлээд алга болжээ.

Диловагийн нэрийг сонсмогц Нарова гүн цочролд орж, хэний ч ятгалгыг сонсолгүй хийдийн ширээт ламын суудлыг орхиж, багшаа эрэн одов. Диловаг олж учиртлаа, учирсан хойноо үнэний авшиг хүрттэлээ маш олон сорилт туулжээ. Багш нь түүний хуучин хэв маягийг эвдэхийн тулд яргачин зандалчин элдэв дүрээр учирч, этгээд гаж шаардлага тавьдаг байлаа. «Би бол сурвалжит язгууртан, гэлэн санваартан, эрдэмтэн бандита» гэсэн сэтгэл нь ямар нэг байдлаар илрээд байсан болохоор багш, шавийн хооронд зай үлдээд байж. Эцэст нь Нарова хэн ч биш болж, багшдаа бүрэн төгс бууж өгч, амь биеэрээ тахил өргөхөөр сэтгэл шулуудсан цагт л Дилова түүнд авшиг хүртээж, махамутрын дуугаа дуулж өгчээ.

Тэр дуу өнөөдөр Ошо багшаар дахин амилж байна. Дилова Наровад дуулсан шиг Ошо багш шавь нартаа дуулж байна. Ошо багшийн тайлбар ганц Диловагийн гүр дууны тайлал биш, бүх үеийн тантрын сиддха нарын үзэл санааны тайлал. Энэ бол:

Адгаж тэвдэлгүй алгуур яв,
Аргамаг хүлэгтэн ч чамайг гүйцэхгүй.
Ажил төрөл бүхнийг огоор,
Аугаа үйлстэн ч чамайг бараадахгүй.

Гүн далай умбах орон чинь
Гүехэн татаалыг бүү ойшоо.
Үлэмжийн чанар төрөлх гэр чинь
Өнгийн хорвоог бүү тоо.
гэсэн Мял богдын гүр дууны ч тайлбар.

Будан манан гэгч гэгээн завсрын илбэ.
Буян хилэнц хоёр булт сэтгэлийн явдал.
Үүх түүхийг зүүдлэвч үтэл нойрын эндүүрэл.
Үхэх төрөхийг үзэвч үнэмшсэн сэтгэлийн төөрөгдөл.

Амраг, дайсан хоёр нь алаг сэтгэл төдийхөн
Ариун хоосон чанарт алах, аврах хамаа юу.
Зуун амтат идээг амсагч ганцхан хэл бий.
Зүйл зүйлийн увдис нь сэтгэлийг таних арга бий.

Энэ сэтгэлийг танивал гуйранч боловч жаргалтай.
Эх болсон хамаг амьтан илт онох болтугай.
Аяа, миний зүрхэнд авралт эцэг багш минь
Амгалан хоосон дүрээр ашид цэнгэн залраарай.

гэх буюу:

Бурхан, чөтгөр хоёр нь
Дээд, доод хоёр.
Жаргал, зовлон хоёр нь
Хүсэл, хясал хоёр.

Хоёргүйн огторгуйд
Хос ганц амтаар
Согтон замхрах ерөөлийг
Миний нөхөд бүтээсүгэй

гэсэн Ноён хутагт Данзанравжаагийн онгод билгийн ч тайлал юм аа. Хар цагааны хоёр туйлаас ангижирч, сайхан муухайн зохиомол загвараас салж, огторгуй мэт бүгдэд тэгш түгээмэл, орших атлаа эс оршихын нууцад нэвтрэх нь тантрын үзэл санаа. Тэр цагт хаа ч байсан диваажин, юу ч хийсэн гэгээрэл.

«Цөхрөнгөө барам энэ ертөнцийн эрэл дунд аугаа их итгэлийн зам тантар лугаа учрах нь элчилгүй элсэн цөлд баянбүрдтэй таарах шиг зол билээ. .Хэрэв чи түүнтэй таарсан бол эргэлзэх хэрэггүй орогтун, умбагтун, амтлагтун» гэж Ошо багш хэлж байна.

«Агнистийн гэгээ» цувралыг эрхлэгч П.Бадрал

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment